Сургаалт үгс [7]

1 Хүү минь, үгийг минь сахь.
Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
2 Миний тушаалуудыг сахиж амьдар.
Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун.
3 Тэдгээрийг хуруунууддаа ороо.
Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.
4 Билиг ухаанд "Та бол миний эгч мөн" гэж хэлэгтүн.
Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун.
5 Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.

6 Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал,
7 Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.
8 Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв.
9 Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ.
10 Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ.
Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа.
11 Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно.
12 Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт,
Булан бүрийн ард отох аж.
13 Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд,
Ичгүүргүй нүүрээрээ түүнд,
14 "Надад эвийн тахил бий.
Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.
15 Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж,
Би гарч ирээд, чамтай учирлаа.
16 Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв.
17 Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.
18 Ирээч.
Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье.
19 Учир нь миний нөхөр гэртээ байхгүй.
Тэр алс холын аянд мордсон.
20 Нөхөр маань зоостой хүүдийг авч одов.
Тэргэл сар гарах өдөр л буцаж ирнэ" гэв.
21 Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж,
Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.
22 Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт,
Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав.
23 Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл,
Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт,
Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ.

24 Иймд хөвгүүд минь, намайг сонс.
Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
25 Зүрх сэтгэл чинь тэр эмийн зам уруу бүү эргэг.
Жим дээр нь бүү зогс.
26 Учир нь түүнд шидэгдэж хаягдсан олон хохирогчид бий бөгөөд
Түүнд алуулсан хүмүүс нь бүгд тоо томшгүй ажээ.
27 Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]