Сургаалт үгс [8]

1 Мэргэн ухаан нь дууддаггүй гэж үү?
Оюун ухаан нь дуугаа өндөрсгөдөггүй гэж үү?
2 Замын дэргэдэх өндөрлөгийн орой дээр,
Жимүүд нийлэх газарт тэр зогсож байдаг.
3 Дааман хаалгануудын дэргэд, хот уруу орох газарт,
Хаалгануудын үүдэнд ч тэр чангаар хашхирна.
4 Ингэхдээ "Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна.
Миний дуу хоолой хүний хөвгүүдэд хандаж байна.
5 Гэнэн хүмүүс ээ, эрүүл саруул ухааныг ойлгогтун.
Мунхаг хүмүүс ээ, мэргэн ухааныг мэдэгтүн.
6 Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина.
Би зөв зүйлсийг ярихаар амаа нээх болно.
7 Учир юу хэмээвэл миний ам үнэнийг өгүүлдэг.
Харин хорон санааг миний уруул жигшдэг билээ.
8 Амнаас минь гарах үг бүр шударга зөв бөгөөд
Тэр үгсийн дотор мурийж хазайсан хийгээд гажсан юм огт үгүй билээ.
9 Үгс маань ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд
Мэдлэгийг олж авагсдад зөв юм.
10 Цалин цагаан мөнгийг бус, харин миний зааврыг авагтун.
Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр.
11 Учир нь мэргэн ухаан нь бадмааргаас ч илүү үнэтэй.
Хүсэж болох ямар ч зүйлсийг түүнтэй зүйрлэхийн аргагүй.

12 Мэргэн ухаан болох би эрүүл саруул ухаантай хамт оршдог ба
Мэдлэг хийгээд хэрсүү ухааныг олдог.
13 ЭЗЭНээс эмээхүй бол хорон мууг үзэн ядах явдал юм.
Бардамнал, ихэмсэг зан, хорон муу зам ба гажсан амыг би жигшдэг.
14 Зөвлөгөө хийгээд эрүүл саруул мэргэн ухаан нь минийх.
Би болбоос оюун ухаан мөн.
Хүч нь минийх.
15 Хаад надаар хаанчилдаг.
Захирагч нар надаар шударга байдлыг тогтоодог.
16 Тайж нар болон язгууртнууд,
Зөвөөр шүүдэг бүх хүмүүс надаар захирдаг.
17 Намайг хайрлагсдыг би хайрлана.
Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.
18 Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа.
19 Миний үр жимс алтнаас ч,
Тэр ч байтугай шижир алтнаас ч илүү дээр.
Миний үр ашиг нь цалин цагаан мөнгөнөөс ч илүү дээр.
20 Би шударга зөвийн замаар, шударга байдлын жимээр явдаг.
21 Энэ нь намайг хөрөнгөөрөө хайрлагсдад ивээлийг хүртээх бөгөөд
Тэдний эрдэнэсийн санг дүүргэхийн тулд юм.

22 Эрт цагийн ажлаасаа өмнө, замынхаа эхэнд ЭЗЭН намайг эзэмшсэн.
23 Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан.
24 Хөлгүй гүн ба усаар бялхах булаг байхгүй байхад би бий болсон.
25 Уулсыг босгохоос өмнө хийгээд толгодын өмнө би бий болсон.
26 Газар дэлхий болон талыг хийгээд
Ертөнцийн анхны тоосонцрыг ч Тэр бүтээгээгүй байхад
Би бий болсон юм.
27 Тэр тэнгэрийг бүтээж,
гүний гадаргуу дээр хил хязгаарыг нь тогтооход
Би тэнд байсан
28 Тэр дээр нь огторгуйг тогтоох үед, мөн гүний булгууд бий болоход,
29 Ус нь Түүний тушаалыг зөрчихгүй байхын тулд тэнгист хил хязгаарыг нь тогтоож өгөхөд,
Газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед би тэнд байсан юм.
30 Тэгэхэд би Түүний хажууд бүтээгч болж
Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөд
Түүний өмнө үргэлж баярлаж байв.
31 Түүний газар болох дэлхийд баярлан,
Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв.

32 Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун.
Учир нь миний замыг сахигсад ерөөлтэй еэ.
33 Сургамжийг дагаж, ухаантай бологтун.
Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34 Хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан,
Үүдний минь дэргэд хүлээж, намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
35 Учир нь намайг ологч нь амийг олж,
ЭЗЭНээс тааллыг нь хүртэнэ.
36 Харин намайг алдагч нь өөрийгөө хорлоно.
Намайг үзэн ядагч бүхэн нь үхлийг хайрлагч болой" гэв.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]