Исаиа [11]

1 Иессийн хожуулаас нахиа гарч,
үндэснээс нь мөчир ургаж,
жимс гаргана.
2 ЭЗЭНий Сүнс,
мэргэн ухаан болон ойлголтын сүнс,
зөвлөх болон хүч чадлын сүнс,
ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.
3 Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог.
Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй,
чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй.
4 Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж,
газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана.
Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж,
уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.
5 Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ,
итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.

6 Чоно хургатай хамт амьдран,
ирвэс ишигтэй хамт хэвтэж,
тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж,
бяцхан хүү тэднийг удирдана.
7 Үнээ болон баавгай бэлчиж,
тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж,
арслан нь үхэр шиг сүрэл иднэ.
8 Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож,
балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ.
9 Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй.
Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.

10 Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож,
үүнийг тойрон үндэстнүүд цуглаж,
алдар нь Түүний амрах газар болно.

11 Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж,
Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас
Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.
12 Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн,
газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс,
Иудагийн бутрагсдыг цуглуулна.
13 Ефраимын атаархал арилан,
Иудагийн дайснууд тас цохигдоно.
Ефраим Иудад атаархахгүй бөгөөд Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.
14 Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон,
тэд хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж,
Едом ба Моаб дээр гараа тавин,
Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.
15 ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж,
халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан,
хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.
16 Израильчууд Египетийн нутгаас гарсан өдөрт тохиолдсон мэт
Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]