Иеремиа [44]

1 Египетийн нутагт буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй бүх иудейчүүдийн төлөө Иеремиад үг ирж,
2 "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Иерусалим болон Иудагийн бүх хотууд дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч тэдний дотор амьдардаггүй.
3 Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.
4 Гэсэн хэдий ч Би та нарт эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нарыг дахин дахин илгээж, "Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч" гэж хэлүүлсэн.
5 Гэвч тэд өөр бурхдад тахилуудыг шатаахгүй байхаар тэд сонссонгүй, бузар муу явдлаасаа эргэхээр чихээ ч тавиагүй.
6 Тийм учраас Миний уур болон Миний хилэн асгарч, Иудагийн хотуудад ба Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд тэд энэ өдөр байгаа шигээ балгас болоод зэлүүд газар болсон юм.
7 Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас таслан өөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсдөдөө хор хөнөөлийг учруулна вэ?
8 Та нар таслагдаж, дэлхийн бүх үндэстнүүдийн дунд хараал, зэвүүцэл болохын тулд, амьдрахаар орж ирж буй Египетийн нутагт өөр бурхдад тахилууд шатаан, өөрсдийн гарын бүтээлээр юунд Намайг уурлуулна вэ?
9 Иудагийн нутагт болон Иерусалимын гудамжнуудад тэдний үйлдсэн эцэг өвгөдийнхөө хорон муу явдал, Иудагийн хаадын болон тэдний эхнэрүүдийн хорон муу явдал, өөрсдийн болон эхнэрүүдийнхээ хорон муу явдлыг та нар мартсан уу?
10 Гэвч тэд энэ өдөр хүртэл ч шаналсан ч үгүй, та нарын өмнө болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон Миний хууль, эсвэл Миний тогтоолуудаас тэд эмээсэн ч үгүй, тэдний дагуу алхсан ч үгүй" хэмээв" гэжээ.
11 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Өөрийн нүүрээ та нарын эсрэг хорон муугийн төлөө, бүх Иудаг таслахын тулд чиглүүлэх гэж байна.
12 Египетийн нутагт амьдрахын тулд тийшээ орохоор шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би авч явах бөгөөд тэд бүгд Египетийн нутагт төгсгөлтэйгөө учирна. Тэд илдэнд унаж, өлсгөлөнгөөр төгсгөлтэйгээ учирна. Том, жижгийн аль аль нь илд болон өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл болон эгдүүцэл болно.
13 Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египетийн нутагт амьдарч буй хүмүүсийг илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ.
14 Египетийн нутагт амьдрахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдэд буцаж ирж, амьдрахыг хүсэж буй Иудагийн нутаг уруугаа буцах ямар ч дүрвэгсэд, эсвэл амьд үлдэгсэд байхгүй. Учир нь оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй"" гэж айлдав.
15 Эхнэрүүд нь өөр бурхдад тахил шатааж байсныг нь мэдэж байсан бүх эрэгтэйчүүд хажууд зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египетийн нутагт Патрост амьдарч байсан бүх хүмүүсийг хамруулсан том чуулган Иеремиад хариулан
16 -ЭЗЭНий нэрээр бидэнд таны хэлсэн эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй!
17 Харин ч бид өөрсдөө, бидний эцэг өвгөд, бидний хаад болон бидний ноёд Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгаснаар бид өөрсдийн амнаас гарсан үг бүрийг заавал хэрэгжүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.
18 Харин бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учирсан билээ.
19 Бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгаж байхдаа бид өөрсдийн нөхрүүдийн мэдэлгүйгээр түүнд өөрийнх нь дүр төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгасан уу? гэцгээв.
20 Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүмүүст хандан
21 -Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй, мөн бодоогүй гэж үү?
22 Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.
23 Та нар тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, Түүний хууль, Түүний тогтоолууд болон Түүний гэрчлэлүүдийн дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.
24 Тэгээд Иеремиа бүх ард түмэнд, түүний дотор бүх эмэгтэйчүүдэд хандан
-Египетийн нутагт буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун.
25 Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. "Та нар болон та нарын эхнэрүүдийн хувьд, "Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргуудаа бид заавал биелүүлнэ" гээд та нар өөрсдийн амаар ярьж, өөрсдийнхөө гараар биелүүлсэн юм. Явж, өөрсдийн тангарагуудаа баталж, тангарагуудаа заавал биелүүл!".
26 Гэлээ ч, Египетийн нутагт амьдарч буй бүх Иуда, ЭЗЭНий үгийг сонсогтун. "Үзэгтүн, Би Өөрийн аугаа нэрээр тангарагласан юм" гэж ЭЗЭН айлдаж байна. "Миний нэр Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний амаар "Эзэн БУРХАНы амьд буйгаар тангараглая" гэж дахин хэзээ ч дуудагдахгүй.
27 Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египетийн нутагт буй Иудагийн бүх хүмүүс бүрмөсөн устах хүртлээ илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учрах болно.
28 Илднээс зугтагч хүмүүс Египетийн нутгаас Иудагийн нутаг уруу цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египетийн нутагт амьдрахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд хэний үг хүчтэй байна, Минийх үү, эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно.
29 Миний үгс та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд Би та нарыг энэ газарт шийтгэх гэж байгаа нь та нарын хувьд тэмдэг болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
30 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан болоод түүний амийг эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу түүний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна" гэж хэлэв.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]