1 Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.
2 "Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла.
Үүнийг тунхаглаж, туг өргө.
Түүнийг бүү нуу,
"Вавилон олзлогдлоо,
Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан.
Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ".
3 Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэр нь түүний газар нутгийг айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугч байхгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтацгаав!
4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд, мөн Иудагийн хөвгүүд ч гэсэн ирнэ. Тэд уйлсаар явах бөгөөд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг тэд эрэлхийлэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
5 Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сион уруу очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.
6 Миний хүмүүс төөрсөн хонинууд болжээ.
Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.
Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.
Тэд уулсаас толгод уруу явж, амрах газраа мартсан билээ.
7 Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив.
Тэдний дайснууд "Зөв шударгын орших газар болох ЭЗЭНий эсрэг, эцэг өвгөдийнх нь найдвар болох ЭЗЭНий эсрэг тэд нүгэл үйлдсэн тул бид гэм буруугүй" гэж хэлжээ.
8 Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв.
Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.
9 Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөд
тэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна.
Тэндээс тэрээр олзлогдох болно.
Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно.
10 Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно.
Түүнийг тоногч бүгд ханах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11 "Миний өв залгамжлалыг тоногчид оо,
та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,
12 эх чинь ихэд ичиж, чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана.
Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, цөл, гандаж хатсан газар, зэлүүд газар болно.
13 ЭЗЭНий дургүйцлээс болж тэрээр оршин суугчтай болохгүй,
харин тэрээр бүрэн эзгүйрэх болно.
Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, түүний бүх шархнаас болж исгэрэх болно.
14 Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд тулалдааны шугамаа зурцгаа.
Түүн уруу харва, тэрээр ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул сумаа бүү хямгад.
15 Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө!
Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав.
Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав.
Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.
16 Вавилоноос тариалагчийг болон ургац хураах цагт хадуур баригчийг таст.
Дарлагчийн илдний өмнөөс тэдний хүн нэг бүр нь өөрийн ард түмэн уруу эргэж буцан,
өөрийн нутаг уруу зугтах болно.
17 Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.
18 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би Ассирийн хааныг шийтгэсэн шигээ Вавилоны хаан болон түүний газар нутгийг шийтгэх гэж байна.
19 Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран, тэрээр Кармел болон Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт түүний хүсэл хангагдах болно.
20 Тэдгээр өдрүүдэд болон тэр цагт Израилийн гэм бурууг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг ч хайх боловч тэд олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21 Мератаимын нутгийн эсрэг,
түүний эсрэг болон Пекодын оршин суугчдын эсрэг яв.
Тэднийг алж, бүр мөсөн устга" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Миний та нарт тушаасан бүхний дагуу үйлд.
22 Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.
23 Бүхий л газар дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа!
Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!
24 Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөд
өөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.
Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа".
25 ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож,
Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа.
Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.
26 Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир.
Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ.
27 Түүний бүх залуу бухыг илдэнд өг.
Тэднийг нядлуулахаар явуул!
Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.
28 Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу
Түүний сүмийн төлөө өшөө авалтыг
Сионд зарлахын тулд Вавилоны нутгаас оргодлууд болон дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.
29 Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд.
Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга.
Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл.
Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд.
Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.
30 Тийм учраас түүний залуус гудамжнуудад нь унаж,
түүний бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
31 "Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,
Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
"Учир нь Миний чамайг шийтгэх цаг буюу чиний өдөр ирэв.
32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана.
Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно".
33 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ.
Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.
34 Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.
Тэрээр газар дэлхийд амралтыг,
харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд
тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.
35 Халдеичуудын эсрэг,
Вавилоны оршин суугчдын эсрэг болон түүний түшмэд, түүний мэргэдийн эсрэг илд ирнэ!" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
36 "Зөн яригч тахилч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!
Түүний хүчит эрчүүдийн эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!
37 Түүний морьд ба тэрэгнүүд болон түүний дунд буй бүх харийнхны эсрэг илд ирэх бөгөөд
тэд эмэгтэйчүүд болно!
Түүний эрдэнэсийн эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.
38 Түүний усан дээр ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!
Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд
тэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.
39 Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна.
Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд
тэр газар дахиж оршин суугчтай болохгүй,
эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.
40 Бурхан Содом болон Гоморраг хөршүүдийнх нь хамт хөмрүүлэхэд байсан шиг
тэнд ямар ч хүн амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
41 "Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд
агуу том үндэстэн болон олон хаад газар дэлхийн алслагдсан хэсгээс босож ирэх болно.
42 Тэд нум жад барьдаг.
Тэд харгис хэрцгий бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй.
Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг.
Вавилоны охин оо, тэд чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт жагсан, морьдоо унадаг.
43 Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонссон бөгөөд түүний гар сул унжина.
Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйнх шиг өвчин шаналал, зовлон түүнийг зуурч авав.
44 Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?" хэмээв.
45 Тийм учраас Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.
46 "Вавилон олзлогдлоо!" гэж хашхирахад, газар хөдөлж, үндэстнүүдийн дунд хашхираан сонсогдоно.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]