Иов [1]

1 Уз хэмээх нутагт Иов гэгч нэгэн хүн байв. Тэрээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг хүн байв.
2 Түүнд долоон хүү, гурван охин төржээ.
3 Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.
4 Түүний хөвгүүд өөр өөрсдийн өдөртөө бие биенийхээ гэрт цугларцгаан найрладаг байсан ба өөрсдийн гурван эгч дүүсийг хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.
5 Тэдний ээлжит баяр наадмын өдрүүд өндөрлөхөд, Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов
-Миний хөвгүүд нүгэл үйлдэн, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэв. Иов үргэлж ийнхүү үйлддэг байв.
6 Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.
7 ЭЗЭН Сатанд
-Чи хаанаас ирэв? гэхэд Сатан ЭЗЭНд хариулан,
-Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.
8 ЭЗЭН Сатанд
-Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв.
9 Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан,
-Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?
10 Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо.
11 Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв.
12 Тэгэхэд ЭЗЭН Сатанд
-Үзэгтүн, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна, чи түүнд гараа л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.
13 Түүний хөвгүүд ба охид өөрсдийн хамгийн том ахын гэрт идэцгээж, дарс ууцгааж байсан өдөр
14 Иов уруу нэгэн элч ирж,
-Үхрүүд газар хагалж, илжигнүүд ч хажууханд нь идээшилж байв.
15 Савечууд довтолж, тэднийг булаан авчээ. Тэд бас зарц нарыг илдний ирээр хөнөөсөн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
16 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,
-Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг болон зарц нарыг чинь шатаан устгасан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
17 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,
-Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алсан бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
18 Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж,
-Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,
19 харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.
20 Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.
21 Тэрээр
-Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн,
би тийшээ ч нүцгэн буцна.
ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа.
ЭЗЭНий нэр алдаршиг
22 Энэ бүхэн болж байхад Иов нүгэл хийсэнгүй, Бурханыг ч буруутгасангүй.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]