1 Тэгээд Елиху үргэлжлүүлэн,
2 -Мэргэн эрчүүд та нар,
миний үгсийг сонс.
Мэддэг хэмээгч та нар, намайг чагна.
3 Учир нь тагнай хоолыг амталдгийн адил чих үгсийг нягталдаг юм.
4 Юу нь зөв болохыг өөрсдөдөө сонгоцгооё.
Юу нь сайн болохыг өөрсдийнхөө дотор мэдэцгээе.
5 Учир нь Иов хэлэхдээ
"Би бол зөвт, харин Бурхан миний зөвийг зайлуулсан.
6 Өөрийн зөвийн тухайд би худлаа хэлэх юм гэж үү?
Би нүгэлгүй боловч шарх минь эдгэшгүй" гэсэн.
7 Ямар хүн Иов шиг вэ?
Тэрээр ус уудаг шигээ элэглэж байна,
8 гэм буруу үйлдэгчидтэй хамт явж,
хорон муу хүмүүстэй алхдаг.
9 Учир нь тэрээр
"Бурханд таалагдлаа гэхэд энэ нь хүнд ямар ч ашиггүй" гэсэн.
10 Тийм учраас, ухаантай хүмүүс та нар,
намайг сонсоцгоо.
Хорон мууг үйлдэх нь Бурханаас,
бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.
11 Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж,
өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.
12 Үнэндээ Бурхан хорон муугаар үйлдэхгүй бөгөөд
Төгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй.
13 Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ?
Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?
14 Хэрэв Тэрээр Өөр уруугаа Өөрийн сүнс,
Өөрийн амьсгалыг цуглуулсан бөгөөд
хэрэв ийн үйлдэхээр шийдсэн бол,
15 бүх бие махбод хамтдаа үхэж,
хүн шороонд буцах байсан.
16 Харин ухаан байвал үүнийг сонс.
Миний үгсийг сонс.
17 Шударга ёсыг үзэн яддаг нэгэн захирах гэж үү?
Зөв шударга, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?
18 Тэрээр хааныг "Өөдгүй нэгэн ээ",
ноёдыг "Хорон муучууд аа" гэдэг.
19 Тэрээр язгууртнуудад долигонолгүй,
баянг ч ядуугаас илүүд үздэггүй.
Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.
20 Агшин зуурд тэд үхэцгээж,
шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж,
өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.
21 Түүний мэлмий хүний замуудыг ажиж,
Тэрээр түүний бүх алхмыг хардаг.
22 Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй,
эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.
23 Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаар
Тэр хүнийг цаашид гуйдаггүй юм.
24 Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр хэсэглэн бяцлаж,
тэдний оронд бусдыг тавьдаг.
25 Тэрээр тэдний ажлыг мэдэж,
шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.
26 Тэрээр тэднийг гэмт хэрэгтнүүдийн адил олон нийтийн газар устгадаг нь
27 тэд Түүнийг дагахаас эргэж,
Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.
28 Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд
Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.
29 Түүнийг дуугүй байхад
хэн буруушааж чадах вэ?
Тэрээр нүүрээ нуухад
үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?
30 Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй,
ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.
31 Хэн нэгэн нь Бурханд
"Би шийтгэлийг үүрсэн, би дахин гомдоохгүй.
32 Миний хардаггүй юмыг надад зааж өгөөч.
Хэрэв би гэм бурууг үйлдсэн бол
би түүнийг дахин үйлдэхгүй" гэж хэлдэг үү?
33 Чи татгалзсан учраас Тэр чамд буцааж төлөх ёстой юу?
Учир нь би биш, чи сонгох ёстой.
Тиймээс юу мэддэгээ тунхагла.
34 Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад
35 "Иов мэдлэггүйгээр ярьж байгаа бөгөөд
түүний үгс утгагүй.
36 Иов хорон муу хүний адил хариулдаг тул
тэрээр цаад хэмжээг хүртэл соригдох нь.
37 Учир нь нүгэл дээрээ тэрээр тэрслэлийг нэмдэг.
Тэрээр бидний дунд алгаа ташин,
Бурханы эсрэг өөрийн үгсээ нэмэгдүүлсээр байна" гэж хэлэх болно гэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]