Иов [29]

1 Иов дахин өөрийн үгсээ үргэлжлүүлэн
2 -Би өнгөрөн одсон саруудынх шигээ буюу
Бурхан намайг хамгаалж байсан өдрүүдийнх шигээ байсан ч болоосой.
3 Түүний дэнлүү толгой дээр минь гэрэлтэж,
Түүний гэрлээр би харанхуй дундуур явдаг байсан билээ.
4 Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу
би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.
5 Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар,
хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.
6 Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж,
хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.
7 Би хотын дааман хаалга уруу гарч,
талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд
8 залуус намайг хараад нуугдаж,
өвгөд босож, зогсдог байв.
9 Ноёд үгсээ хорьж,
гараараа амаа тагладаг байв.
10 Язгууртнуудын дуу алга болж,
хэл нь тагнайнд нь наалддаг байв.
11 Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж,
нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.
12 Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд
туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.
13 Үхэж буй хүмүүсийн ерөөл надад ирж,
би бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан дуулуулдаг байсан.
14 Би шударга зөвийг өмсөж,
тэр намайг хувцаслав.
Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.
15 Би сохорт нүд нь,
доголонд хөл нь болж байв.
16 Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөд
мэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.
17 Би хорон муу хүний эрүүг хугалж,
амнаас нь олзыг нь булааж авдаг байв.
18 Тэгээд би "Үүрэндээ би үхнэ.
Өдрүүдийг би элс адил олшруулна.
19 Үндэс минь ус уруу тархаж,
мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.
20 Алдар минь надтай хамт,
миний нум гарт минь шинэчлэгддэг" гэж бодов.

21 Намайг тэд сонсоцгоож, хүлээцгээж,
зөвлөгөөг минь хүлээн чимээгүй байдаг байв.
22 Миний үгсийн дараа тэд дахин ярьдаггүй байсан бөгөөд
миний яриа тэдэнд тааламжтай байсан.
23 Тэд намайг хур бороо мэт хүлээж,
хаврын бороо мэт амаа ангайлгадаг байв.
24 Тэд итгээгүй байхад би тэдэн уруу инээмсэглэж,
миний нүүрний гэрлийг тэд унтрааж байгаагүй юм.
25 Би тэдэнд замыг сонгож,
тэргүүнд нь сууж, дайчдынхаа дунд буй хаан мэт буюу
гашуудагсдыг тайтгаруулсан нэгэн мэт заларч байсан.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]