Иов [10]

1 Би өөрийн амьдралаа үзэн яддаг.
Би өөрийн гомдлоо бүрэн гаргана.
Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.
2 Би Бурханд "Намайг бүү буруушаагаач.
Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч" гэж хэлэх болно.
3 Өөрийн гарын хөдөлмөрийг дарлан,
хэрэгсэхгүй болгож,
хорон муу хүмүүсийн хуйвалдаануудыг таашаан үзэх нь
Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
4 Танд махан нүд байдаг уу?
Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
5 Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил,
эсвэл Таны жилүүд хүний жилүүдийн адил болоод
6 Та миний гэм бурууг хайж,
миний нүглийг ухаж төнхдөг үү?
7 Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм.
Гэвч Таны мутраас гарах аврал алга.

8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,
намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?
9 Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач.
Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?
10 Та намайг сүү шиг цутгаж,
бяслаг шиг бүрэлдүүлж,
11 намайг арьс ба махаар хучиж,
яс болон шөрмөсөөр хамтад нь холбоогүй гэж үү?
12 Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ.
Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
13 Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ.
Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.
14 Хэрэв би нүгэл үйлддэг бол,
тэгвэл Та намайг ажиглан харж,
миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.
15 Хэрэв би хорон муу бол би золгүй еэ!
Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй,
ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан, би.
16 Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан.
Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.
17 Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж,
над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг.
Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.

18 Тэгвэл юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ?
Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!
19 Би огт байгаагүй мэт
хэвлийгээс булш уруу оруулагдсан байх байсан.
20 Би удаан амьдарна гэж үү?
Намайг орхиоч, би түр ч болов сэргэхсэн,
21 харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө.
Би буцаж ирэхгүй билээ.
22 Тэр нь харанхуй мэт түнэр харанхуй болон эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд
харанхуй мэт гэрэлтдэг билээ гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]