Иов [28]

1 Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.
2 Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг.
3 Тэрээр харанхуйг эцэслэж,
харанхуй ба үхлийн сүүдэр дунд хүдрийг хамгийн зах хязгаараас хайдаг.
4 Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд
тэр нь хүний хөлд мартагдсан байдаг.
Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.
5 Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд
түүний доороос тэр нь гал мэт гарч ирдэг.
6 Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөд
шороо нь алт бөлгөө.
7 Жимийг нь махчин шувууд мэддэггүй,
элээний нүд ч түүнийг хараагүй юм.
8 Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй,
арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.
9 Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг.
Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.
10 Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөд
түүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.
11 Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж,
нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.

12 Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?
Ухаарлын газар хаана байна вэ?
13 Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд
тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.
14 Гүн гүнзгий нь "Энэ нь миний дотор байхгүй",
мөн далай ч "Энэ нь надад байхгүй" гэж хэлдэг.
15 Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд
үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.
16 Тэр нь Офирын алтаар, үнэт оникс,
эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.
17 Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй.
18 Шүр болон болрыг дурьдах ч хэрэггүй.
Мэргэн ухааны худалдан авах чадвар сувднаас ч өндөр болой.
19 Етиопын молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
тэр нь шижир алтаар ч үнэлэгдэж чаддаггүй юм.
20 Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ?
Ухаарлын газар хаана байна вэ?
21 Тэрээр ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд
тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.
22 Сүйрэл болон Үхэл "Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон" гэцгээдэг.

23 Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд
түүний газрыг ч мэддэг.
24 Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж,
тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.
25 Салхины хүнд, усны хэмжээ,
26 бороонд хязгаарыг,
аянга цахилгаанд хэмийг тогтооход
27 Тэрээр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ.
Тэрээр үүнийг тогтоосон бөгөөд
бас үүнийг шалган үзсэн билээ.
28 Тэрээр хүнд хандан
"Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм.
Бузар муугаас зайлах нь ухаарал юм" хэмээн айлдав гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]