Иов [21]

1 Тэгэхэд Иов хариулан
2 -Хэлэх үгийг минь анхааралтай сонсож,
энэ нь та нарын тайвшрал болог.
3 Тэвчин байж намайг яриулцгаа.
Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.
4 Миний хувьд гэвэл, би хүнд гомдсон гэж үү?
Яагаад би тэвчээргүй байж болохгүй юм бэ?
5 Над уруу харж, гайхан алмайрцгаан,
гараа аман дээрээ тавь.
6 Би санахдаа ч хүртэл түгшсэн бөгөөд
айдас хүйдэс бие махбодыг минь эзэмддэг.
7 Яагаад хорон муу хүмүүс амьдарч,
цааш үргэлжлэн, бас маш хүчирхэг болж байна вэ?
8 Үр удмууд нь тэдний нүүрний өмнө тэдэнтэй хамт,
мөн үр хүүхдүүд нь тэдний нүдний өмнө бэхэжсэн байна.
9 Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөд
Бурханы саваа ч тэдний дээр алга.
10 Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж,
үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.
11 Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал,
тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж,
лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
13 Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд,
мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.
14 Тэд Бурханд "Биднээс холд!
Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
15 Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ?
Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?" гэцгээдэг.
16 Харагтун, тэдний хөгжил цэцэглэл тэдний гарт байдаггүй аж.
Нүгэлтний зөвлөгөө надаас хол билээ.

17 Хорон муу хүний дэнлүү хир их унтарч,
эсвэл гай зовлон нь тэдний дээр унадаг уу?
Бурхан Өөрийн ууранд сүйрлийг тогтоодог уу?
18 Тэд салхины өмнө сүрэл мэт,
эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?
19 "Бурхан хүний гэм нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг"
Өөрт нь мэдүүлэхийн тулд Бурхан түүнд нөхөн төлөх болтугай.
20 Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж,
тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.
21 Яагаад гэвэл түүний саруудын тоо гүйцэхэд буюу
өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
22 Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад
хэн нэгэн Түүнд билэг ухааныг зааж чадах уу?
23 Хэн нэгэн нь бүхлээрээ тайван,
хангалуун байхдаа бүрэн хүч тэнхээтэйгээр нас эцэслэдэг.
24 Түүний дотор өөх бялхсан бөгөөд
түүний ясны чөмөг бөх бат хэвээр байдаг.
25 Тэгэх зуур өөр нэгэн нь сайныг хэзээ ч амсалгүйгээр гашуун сэтгэлтэйгээр үхдэг.
26 Тэд хамтдаа шороон дотор хэвтдэг бөгөөд
хорхойнуудад хучигддаг.

27 Харагтун, санаа бодлуудыг чинь болон
намайг буруутгах байсан төлөвлөгөөнүүдийг чинь би мэднэ.
28 Та нар "Сурвалжит хүний гэр орон,
мөн хорон муу хүний оршихуй болох майхан хаана байна вэ?" гэдэг.
29 Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу?
Та нар тэдний гэрчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй юу?
30 Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ.
Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.
31 Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж,
хэн үйлдсэн зүйлийнх нь төлөө түүнд хариулах вэ?
32 Түүнийг булшинд хийх хооронд ч булшин дээр нь харуул байх болно.
33 Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө.
Түүнээс гадна түүний урд тоолшгүй их хүн байхад
араас нь бүх хүмүүс дагах болно.
34 Тэгвэл та нар намайг хэрхэн хоосноор тайтгаруулах вэ?
Учир нь та нарын хариулт хуурмаг хэвээр байдаг гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]