1 Иов өөрийн нүдэнд шударга зөв байсан тул өнөөх гурван хүн түүнд хариулахаа больжээ.
2 Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елихугийн уур шатав. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм.
3 Иовын гурван нөхөр түүнийг буруутгаж байсан хэдий ч хариу хэлж чадахгүй байсан тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав.
4 Тэд өөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху Иовтой ярилцахаа хүлээзнэж байв.
5 Тэгээд өнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ.
6 Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн,
-Би насаар залуу, та нар ахмад билээ.
Тиймээс ч би өөрийн бодлыг та нарт хэлэхээс айн эмээж байлаа.
7 Ахмадууд ярьж,
олон насалсан нь мэргэн ухааныг мэдүүлэх ёстой гэж би бодож байлаа.
8 Гэтэл хүний доторх сүнс болон
Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлголтыг өгдөг аж.
9 Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд
ахмадууд ч үнэн шударгыг ухаарах албагүй юм байна.
10 Иймд би "Намайг сонс.
Би ч гэсэн бодол санаагаа хэлье" гэнэ.
11 Харагтун, би та нарын үгийг хүлээж,
хэлэх үгээ эргэцүүлэн байх зуур чинь та нарын цэцэн тайлбаруудыг сонслоо.
12 Би та нарыг маш хянуур ажигласан билээ.
Үнэндээ, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөд
түүний үгэнд хариулсан хэн ч та нараас байгаагүй.
13 "Бид мэргэн ухааныг оллоо.
Хүн биш, Бурхан л түүнийг ниргэнэ" гэж бүү хэл.
14 Тэр миний эсрэг хэлэх үгээ бэлтгээгүй бөгөөд
би ч та нарын хэлсэн үгсээр түүнд хариулахгүй.
15 Тэд айцгаасан, тэд хариулах ч үгүй байна.
Тэдний үгс ч барагдлаа.
16 Тэд ярихгүй, зогсоод дахин хариулахгүй байгаа учраас би хүлээх үү?
17 Би ч мөн өөрийн хувиа хариулж,
өөрийн санаа бодлыг хэлэх болно.
18 Би үгсээр дүүрэн байна,
миний доторх сүнс намайг албадаж байна.
19 Харагтун, гэдэс дотор минь савлаад онгойлгоогүй дарс мэт,
шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.
20 Тайтгарахын тулд намайг яриулаач.
Би уруулаа нээж, хариу хэлье.
21 Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.
22 Учир нь хэрхэн бялдуучлахыг би мэдэхгүй билээ.
Эс бөгөөс Бүтээгч минь намайг удахгүй зайлуулах байсан.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]