1 Дараа нь Иов ЭЗЭНд хариулан,
2 -Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд
Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг.
3 "Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?".
Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдээгүй,
миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ.
4 Сонсоорой одоо, би ярья.
Би Танаас асууж, Та намайг сургаач.
5 Би Таны тухай чихээрээ сонслоо.
Харин одоо миний нүд Таныг хардаг.
6 Тиймээс би хэлснээсээ буцаж,
шороо ба үнсэн дунд гэмшье гэв.
7 ЭЗЭН эдгээр үгсийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд хандан
-Миний уур чиний эсрэг болоод хоёр найзын чинь эсрэг асжээ. Учир нь та нар Миний тухай Миний зарц Иов шиг зөвийг ярьсангүй.
8 Иймээс одоо өөрсдөдөө долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахилыг өргө. Миний зарц Иов та нарын төлөө залбирч, Би түүнийг хүлээн аваад, та нарын мунхаглалыг шийтгэхгүй. Та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй.
9 Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.
10 Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.
11 Тэгэхэд түүний бүх ах дүү, эгч дүү хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн уруу ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдгүүрийн төлөө тэд түүнийг тайвшруулж, тайтгаруулав. Хүн бүр түүнд нижгээд мөнгө, алтан бөгж өгчээ.
12 ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв.
13 Тэрээр долоон хүү, гурван охинтой байв.
14 Тэрээр ууган охиноо Иемима, удаахаа Кезиа, гурав дахиа Керен-хаппух хэмээн нэрлэжээ.
15 Бүх нутаг даяар Иовын охид шиг тийм үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Тэдний эцэг тэдэнд ах нарынх нь дунд өв өгчээ.
16 Үүний дараа Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач нар болох дөрвөн үеэ үзжээ.
17 Иов хөгширч, өдрүүдээ гүйцээгээд үхэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]