Иов [12]

1 Тэгэхэд Иов хариулан
2 -Та нар үнэхээр хүмүүс бөгөөд
та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!
3 Надад ч бас та нарын адил оюун ухаан бий.
Та нараас дутах юм надад үгүй.
Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?
4 Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би
найз нөхдийнхөө доог тохуу юм.
Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.
5 Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.
6 Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөд
өөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

7 Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг.
Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.
8 Эсвэл газар дэлхийтэй ярилцаж,
тэрээр чамд сургаг.
Далайн загас чамд тунхаглаг.
9 ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг
эдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
10 Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд
бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
11 Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?
12 Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөд
урт удаан амьдрал бол ухаарал юм.

13 Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд
зөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.
14 Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд
тэр нь сэргээн босгогдож чаддаггүй.
Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд
суллагдах арга байдаггүй аж.
15 Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг.
Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөд
газар дэлхий усанд автдаг аж.
16 Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөд
төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
17 Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,
шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18 Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд
тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.
19 Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж,
хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
20 Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож,
ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.
21 Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж,
хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
22 Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж,
гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.
23 Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөд
дараа нь тэднийг устгадаг.
Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөд
дараа нь тэднийг авч явдаг.
24 Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөд
замгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.
25 Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд
Тэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]