Иов [7]

1 Хүн гэгч нь газар дэлхий дээр албадлагын ажилд нухлуулдаг бөгөөд
түүний өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүдтэй адил биш гэж үү?
2 Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу
хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,
3 үүнчлэн хоосон саруудыг өнгөрүүлэх нь надад хуваарилагдсан бөгөөд
зовлонт шөнүүд надад тогтоогджээ.
4 Хэвтэхдээ би "Хэзээ би босох бол доо?" хэмээн бодовч
шөнө үргэлжилсээр байх бөгөөд
үүр цайтал би эргэж хөрвөсөөр өнгөрөөнө.
5 Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан,
арьс минь эвэршин хагардаг.
6 Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч,
найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.

7 Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач.
Миний нүд дахин сайныг үзэхгүй.
8 Намайг хардаг хүний нүд намайг дахин харахгүй.
Таны нүд над дээр байх боловч би байхгүй.
9 Үүл замхран оддог.
Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.
10 Тэрээр гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд
түүний оромж нь ч түүнийг мэдэхээ болино.

11 Иймээс би амаа хамхихгүй.
Сүнснийхээ шаналал дотор би ярьж,
сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.
12 Би Танаар мануулж байхаар тэнгис,
эсвэл тэнгисийн мангас юм уу?
13 Хэрэв би
"Ор минь намайг тайвшруулна,
хэвтэр минь миний гомдлолыг тайлах болно" гэсэн ч
14 Та зүүдүүдээр намайг айлгаж,
үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.
15 Ингэснээр сэтгэл минь өвчин шаналлаас минь илүүгээр боож үхэхийг сонгохсон.
16 Би өнгөрөн одож байна.
Би мөнх амьдрахгүй.
Миний өдрүүд амьсгал учраас намайг ганцааранг минь орхиоч.
17 Та түүнийг эрхэмлэж,
түүний талаар санаа тавих болохоор хүн гэгч нь юу юм бэ?
18 Юунд Та түүнийг өглөө бүр шалгаж,
агшин бүрд түүнийг сорино вэ?
19 Та надаас Өөрийн харцаа хэзээ ч холдуулахгүй,
эсвэл шүлсээ залгих хүртэл минь
намайг ганцааранг минь орхихгүй юм гэж үү?
20 Би нүгэл үйлдсэн үү?
Хүмүүсийн харгалзагч аа, Танд би юу хийсэн юм бэ?
Би өөрөө өөртөө дарамт болтол юунд Та намайг Өөрийн бай болгосон бэ?
21 Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй,
гэм бурууг минь зайлуулдаггүй вэ?
Одоо би шороонд хэвтэх болно.
Та намайг хайвч би байхгүй гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]