Иов [8]

1 Дараа нь шух хүн Билдад хариулан
2 -Хэр удаан чи эдгээр зүйлсийг чалчиж,
амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
3 Бурхан шударга ёсыг завхруулдаг уу?
Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу?
4 Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүгэл үйлдсэн бол
Тэрээр тэднийг өөрсдийнх нь нүглийн хүчинд тушаасан хэрэг юм.
5 Хэрэв чи Бурханыг хайж,
Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйсан сан бол,
6 мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол,
Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож,
чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
7 Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.

8 Өнгөрсөн үеийнхний талаар асууж,
тэдний эцэг өвгөдийн эрэлхийлж байсан зүйлсийг эргэцүүлэн бод.
9 Бид чинь өчигдрийнх бөгөөд
газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас
бид юу ч мэддэггүй билээ.
10 Тэд чамд сурган хэлж,
өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?

11 Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу?
Усгүйгээр зэгс ургаж чадах уу?
12 Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа ч
алив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.
13 Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм.
Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.
14 Тэдний найдвар хэврэг бөгөөд
итгэл нь аалзны шүлсэн тор юм.
15 Тэрээр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй.
Тэрээр түүнээс зуурдаг боловч тэр нь даадаггүй.
16 Тэрээр наранд өтгөрөн ургаж,
мөчрүүд нь цэцэрлэгээр нь тархдаг.
17 Түүний үндэснүүд чулуун овоог ороож,
тэрээр чулуун гэрээс зууралдана.
18 Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл,
дараа нь тэр газар нь түүнийг үгүйсгэж
"Би чамайг огт хараагүй" гэнэ.
19 Харагтун, Түүний замын баяр баясгалан энэ болой.
Шорооноос өөр хүмүүс соёолох болно.
20 Үнэнч шударгыг Бурхан үнэхээр орхихгүй,
бузар мууг үйлдэгчдийг Тэрээр дэмжихгүй юм.
21 Тэрээр чиний амыг инээдээр,
чиний уруулыг баярын дуугаар дүүргэх л болно.
22 Чамайг үзэн ядагчид ичгүүрээр хувцаслах бөгөөд
хорон муу хүний майхан байхгүй гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]