1 Тэгээд ЭЗЭН Иовд айлдахдаа
2 -Заргалдагч хүн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү?
Бурханыг залруулагч нэгэн үүнд хариулаг гэв.
3 Тэгэхэд Иов ЭЗЭНд хариулан,
4 -Харагтун, би бол өчүүхэн юм.
Танд би юуг хариулж чадах билээ?
Би гараа аман дээрээ тавья.
5 Би нэг удаа ярьсан, би хариулахгүй.
Хоёр дахь удаа би өөр юуг ч нэмэхгүй гэж хэлэв.
6 Тэгэхэд ЭЗЭН шуурган дундаас Иовд хариулан,
7 -Одоо эр хүн шиг хормойгоо татаж бүсэл.
Би чамаас асуух бөгөөд чи Надад сурга.
8 Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу?
Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?
9 Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу?
Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?
10 Өөрийгөө алдар суу, сүр жавхлангаар гоёж,
хүндлэл, яруу алдраар хувцасла.
11 Өөрийн уурыг оволзуулан асгаж,
бардам хүн бүрийг хараад,
түүнийг дорд болгооч.
12 Бардам хүн бүрийг хараад,
түүнийг номхруулж,
хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.
13 Тэднийг шороон дотор хамтад нь нуугаач.
Нууц газарт тэднийг хүлээч.
14 Тэгвэл чиний өөрийн баруун гар чамайг аварч чадна гэдгийг
Би ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.
15 Одоо харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр энэ байна.
Тэрээр үхэр шиг өвсөөр хооллодог.
16 Харагтун, түүний хүч тэнхээ ууц нуруунд нь,
түүний чадал хэвлий дэх булчинд нь бий.
17 Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг.
Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг.
18 Түүний яснууд хүрэл хоолой юм.
Түүний үе мөчүүд төмөр хаалтууд мэт болой.
19 Тэр бол Бурханы замуудын анхдагч билээ.
Бүтээгч нь илдээ авчраг.
20 Уулс түүнд хоолыг нь залгуулдаг бөгөөд
хээрийн бүх араатан амьтад тэнд нааддаг.
21 Тэрээр лянхуа цэцгийн дор,
зэгс болон хулсан нуувчинд хэвтдэг бөлгөө.
22 Лянхуа цэцэг түүнийг сүүдрээр халхалдаг.
Горхины уд модод түүнийг хүрээлдэг.
23 Гол үерлэж тэрээр сандардаггүй.
Иордан гол амаар нь татсан ч тэрээр итгэлтэй тайван байдаг.
24 Харж байхад нь түүнийг хэн нэгэн барьж чадах уу?
Хамрыг нь хэн нэгэн дөрлөж чадах уу?
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]