1 Тэгэхэд Иов хариулан
2 -Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ.
Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
3 Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл,
мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.
4 Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийг
ямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?
5 Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээ
Тэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
6 Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч,
баганануудыг нь ганхуулдаг.
7 Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд
тэрээр оддыг лацаддаг.
8 Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж,
далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
9 Тэрээр Долоон бурхан, Мичид,
Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.
10 Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд
тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.
11 Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан бол
би Түүнийг харахгүй байх байсан.
Түүнийг цаашаа өнгөрөх байсан бол
би Түүнийг ажиглахгүй байх байсан.
12 Тэрээр шүүрэн авах байсан бол
хэн Түүнийг саатуулж чадах байсан бэ?
Хэн Түүнд "Та юу хийж байна вэ?" гэж хэлж чадах байсан бэ?
13 Бурхан Өөрийн уураа буцаахгүй.
Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.
14 Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж,
Түүний өмнө үгсээ сонгох вэ?
15 Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв.
Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.
16 Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан бол
миний дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.
17 Учир нь Тэр намайг шуургаар довтолж,
шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
18 Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй,
харин намайг уй гашуугаар дүүргэдэг.
19 Хэрэв хүчний талаар бол,
харагтун, Тэрээр хүчит нэгэн юм!
Хэрэв шударга ёсны талаар бол,
хэн Түүнийг дуудаж чадах вэ?
20 Би хэдий зөвт ч гэсэн
миний ам намайг буруутгах болно.
Би хэдийгээр буруугүй ч гэсэн
Тэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.
21 Би буруугүй.
Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй.
Би амьдралаа жигшдэг.
22 Бүгд ялгаагүй.
Тиймээс би "Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг" гэж хэлдэг юм.
23 Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг бол
Тэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.
24 Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм.
Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг.
Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?
25 Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм.
Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
26 Тэд хулсан завьнууд мэт,
олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.
27 Хэдийгээр би "Би гомдлоо мартаж, гунигт төрхөө орхиж,
хөгжөөнтэй байя" гэж хэлдэг ч
28 би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөд
Та намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.
29 Би хорон муу гэж тооцогдсон,
тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?
30 Би өөрийгөө цасаар угааж,
гараа шүлтээр цэвэрлэлээ ч,
31 Та намайг нүхэнд унагах байсан бөгөөд
өөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.
32 Бид хамтдаа шүүх уруу явж
би Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.
33 Бид хоёрын дээр гараа тавих шүүгч бидний дунд байхгүй.
34 Тэр Өөрийн саваагаа надаас холдуулж,
Түүний аймшиг намайг бүү түгшүүлэг.
35 Би Түүнээс эмээлгүй ярихсан.
Гэвч би өөрийн дотроо үүнтэй адилгүй билээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]