1 Дараа нь теман хүн Елифаз хариулан
2 -Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж,
өөрийгөө дорнын салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?
3 Тэрээр хэрэггүй яриа,
эсвэл ашиг өгдөггүй үгсээр маргадаг байх ёстой юу?
4 Үнэндээ чи хүндэтгэлийг зайлуулж,
Бурханы өмнөх бясалгалыг саатуулж байна.
5 Чиний гэм буруу амыг чинь сургадаг бөгөөд
чи зальтны хэлийг сонгодог.
6 Би биш, өөрийн чинь ам чамайг буруутгадаг.
Өөрийн чинь уруул чиний эсрэг гэрчилдэг.
7 Чи анхны хүн болон төрж,
эсвэл толгодоос ч өмнө бүтээгдсэн үү?
8 Чи Бурханы нууц зөвлөгөөг сонссон бөгөөд
мэргэн ухааныг өөрөөрөө хязгаарладаг уу?
9 Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ?
Эсвэл бидэнд байдаггүй юуг чи ойлгодог юм бэ?
10 Чиний эцгээс ч ахмад, буурал толгойтон болон өтөл настнуудын аль аль нь бидний дунд байна.
11 Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэл
чамд чамлагдаж байгаа юм уу?
12 Яагаад сэтгэл чинь чамайг авч явна вэ?
Юунд нүд чинь гялалзан,
13 ингэснээрээ чи өөрийн сүнсээ Бурханы эсрэг эргүүлж,
амнаасаа үгсийг гаргана вэ?
14 Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ?
Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?
15 Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд
тэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
16 Тэр тусмаа жигшмээр, завхарсан нэгэн буюу гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!
17 Би чамд хэлье, намайг сонс.
Юу үзсэнээ ч би бас мэдүүлэх болно.
18 Мэргэдийн өөрсдийн эцэг өвгөдөөс нуулгүй хэлсэнийг ч мэдүүлнэ.
19 Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд
тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.
20 Хорон муу хүн бүх өдрүүдийн турш өвчин дотор тарчилдаг бөгөөд
харгис хүнд хадгалагдсан жилүүд тоотой бөлгөө.
21 Түгшүүрийн чимээ чихэнд нь байна.
Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
22 Тэрээр харанхуйгаас эргэн гарна гэдэгт итгэдэггүй бөгөөд
тэрээр илдэнд заяагдсан ажээ.
23 Тэрээр хоол хайн тэнүүчилж, "Хаана байна вэ?" хэмээдэг.
Харанхуйн өдөр маш ойр байгааг тэр мэддэг билээ.
24 Зовлон ба өвчин түүнийг айлгадаг бөгөөд
довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.
25 Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж,
Төгс Хүчит Нэгэний эсрэг ихэмсгээр үйлддэг.
26 Тэрээр зузаан, бат бөх бамбайтайгаар
Түүн уруу гөжүүдээр дайрдаг аж.
27 Учир нь тэр өөрийн нүүрийг өөхөөрөө бүтээж,
гуяа цулцгар махаар бүрсэн.
28 Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.
29 Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш.
Үр тариа нь газарт унахгүй.
30 Тэрээр харанхуйгаас зугтахгүй.
Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд
Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.
31 Тэрээр өөрийгөө хуурч, хоосонд бүү итгэг.
Хоосон нь түүний шагнал болно.
32 Түүний цагаас өмнө энэ нь биелэгдэж,
далдуу модны мөчир ч ногоорохгүй.
33 Тэр өөрийн боловсорч гүйцээгүй усан үзмийг усан үзмийн мод мэт унагаж,
өөрийн цэцгээ чидун мод шиг хаях болно.
34 Учир нь бурхангүй хүмүүсийн нөхөрлөл үргүй бөгөөд
завхрагчдын майхнуудыг гал шатаадаг юм.
35 Тэд худал хуурмагийг тээж,
гэм бурууг төрүүлдэг бөгөөд тэдний оюун бодол заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]