Иов [19]

1 Тэгэхэд Иов хариулан
2 -Хэдий болтол та нар намайг тарчлааж,
үгсээр намайг бяцлах юм бэ?
3 Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо.
Намайг буруутгахаасаа ч та нар ичдэггүй билээ.
4 Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.
5 Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж,
миний шившгийг надад нотолж байгаа бол,
6 Бурхан намайг буруутгаж,
миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.

7 Харагтун, би "Хүчирхийлэл!" хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй.
Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.
8 Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд
тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
9 Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж,
тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10 Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө.
Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.
11 Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож,
намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.
12 Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж,
майхныг минь бүслэн буудалладаг.

13 Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд
танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
14 Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд
дотнын нөхөд минь намайг мартав.
15 Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог.
Тэдний нүдэнд би харь хүн билээ.
16 Зарцаа би дууддаг боловч, тэрээр хариулдаггүй.
Би түүнийг амаараа гуйх болдог.
17 Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж,
өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна.
18 Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг.
Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.
19 Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөд
миний хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.
20 Миний яс нь арьс, махтайгаа наалдаж,
би шүднийхээ буйлтай л үлдлээ.
21 Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нар
намайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.
22 Юунд та нар Бурханы адил намайг хавчиж,
миний маханд цадахгүй байна вэ?

23 Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой!
Тэд номд буулгагддаг ч болоосой!
24 Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!
25 Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон
эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.
26 Арьс минь устгагдсан хойно ч
би махан биеэрээ Бурханыг харах болой.
27 Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг,
өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно.
Миний зүрхэн дотор үүнийг л хүсэн хүлээж байна!
28 Хэрэв та нар "Бид түүнийг яаж хавчих вэ?",
мөн "Түүний эсрэг хэргийн ямар шалтгийг бид олж чадах вэ?" гэж хэлбэл,
29 өөрсдөд чинь ирэх илднээс айцгаа.
Учир нь уур хилэн нь илдний шийтгэл бөгөөд
энэ нь шүүлт бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд юм гэв.



[Өмнөх]                [Дараах]


Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]