1 Ямар ч байсан, Иов оо,
одоо миний яриаг сонсож,
бүх үгсийг минь чагнаач.
2 Одоо харагтун, би амаа нээж,
миний аман доторх хэл ярьдаг.
3 Миний үгс бол зүрхний минь зөвт байдал бөгөөд
уруул минь чин үнэнээсээ мэдлэгийг өгүүлдэг.
4 Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд
Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.
5 Чаддаг юм бол хариул.
Миний өмнө Өөрийгөө бэлдээд, сөрөн зогс.
6 Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг.
Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.
7 Үзэгтүн, надаас айх хэрэггүй,
миний дарамт ч чамд хүнддэх ёсгүй.
8 Үнэхээр чи миний чихэн дээр ярьсан бөгөөд
үгсийг би сонссон билээ.
9 "Би цэвэр, нүгэлгүй.
Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.
10 Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон санаж,
намайг Өөрийн дайснаа хэмээн тооцдог.
11 Тэрээр хөлийг минь дөнгөлж,
алхах бүрийг минь харуулддаг".
12 Үзэгтүн, би чамд хэлье,
үүнд чи буруутаж байна.
Учир нь Бурхан хүнээс агуу билээ.
13 Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээн
юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?
14 Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй.
хэн ч үүнийг ойшоодоггүй юм.
15 Гүн нойр хүмүүсийг хучин,
хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэд
зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,
16 тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж,
тэдний заавруудыг битүүмжилдэг нь
17 Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж,
бардамналаас барихын тулд билээ.
18 Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс,
түүний амийг Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг.
19 Хүн бас орон дотроо өвчин шаналлаар,
ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.
20 Ингэснээр түүний амь талхыг,
түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг.
21 Түүний махан бие ядраад хатан хорчийж,
харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг.
22 Тэгээд түүний сэтгэл нүхэнд,
түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ.
23 Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр
түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,
24 тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж,
"Нүхэнд унахаас түүнийг авар.
Би золиосыг олов" хэмээг.
25 Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог.
Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг.
26 Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд
Бурхан түүнийг хүлээн авна.
Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд
Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.
27 Тэрээр хүмүүст дуулж
"Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд
энэ нь надад ханамжийг өгсөнгүй.
28 Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд
миний амь гэрлийг үзнэ" гэх болно.
29 Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь
30 түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөд
тэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой.
31 Анхаарлаа хандуул, Иов оо! Намайг сонс.
Дуугүй байж, намайг яриул.
32 Чамд хэлэх зүйл байвал надад хариул.
Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учраас ярь.
33 Хэрэв үгүй бол намайг сонс.
Дуугүй бай, би чамд мэргэн ухааныг сургая гэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иов [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42]