Дуулал [116]

1 Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр
Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.
2 Тэр намайг чих тавин сонсдог учраас
Би амьд байх хугацаандаа дуудах болно.
3 Үхлийн уяа намайг ороож,
Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.
Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.
4 Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан
"Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!" гэв.

5 ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.
Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.
6 ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.
Намайг дорд болоход Тэр намайг аварсан.
7 Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.
Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.
8 Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,
Нүдийг минь нулимснаас,
Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.
9 Би ЭЗЭНий өмнө
Амьдын нутагт алхах болно.
10 "Би ихэд зовж шаналсан" гэж хэлэхдээ
Би итгэсэн юм.
11 Би бачимдахдаа
"Бүх хүмүүс худалч" гэж хэлсэн.

12 Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө
Би ЭЗЭНд юугаар хариулах вэ?
13 Би авралын хундагыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.
14 Би бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.
15 Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл
ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.
16 Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц,
Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ.
Та миний хүлээсийг тайлсан юм.
17 Танд би талархлын тахилыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.
18 Би бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.
19 Иерусалим аа, чиний гол дунд,
ЭЗЭНий өргөөний хашаанд би тангарагласнаа биелүүлнэ.
ЭЗЭНийг магтагтун!



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]