Дуулал [31]

1 ЭЗЭН, Таны дотор би хоргодсон.
Намайг хэзээ ч ичгүүр бүү болгооч.
Өөрийн зөв шударга байдлаар намайг авраач.
2 Над уруу чихээ ойртуулж,
Намайг хурдан авраач.
Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.
3 Учир нь Та бол миний хад, миний цайз юм.
Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.
4 Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана.
Учир нь Та бол миний хүч чадал юм.
5 Таны гарт би сүнсээ даатгадаг.
Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон.

6 Хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсийг би үзэн яддаг,
Гэвч би ЭЗЭНд итгэдэг.
7 Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно,
Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан.
Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн бөгөөд
8 Та намайг дайсны гарт тушаасангүй.
Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.

9 ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Учир нь би зовлон зүдгүүр дунд байна.
Уй гашуугаас болж миний нүд, сэтгэл болон бие минь ч турж эцжээ.
10 Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар,
Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн.
Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран,
Бие минь турж эцсэн.
11 Өөрийн бүх өстнөөс болж би
Ялангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол,
Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон.
Замд таарсан хүмүүс надаас зайлсхийдэг.
12 Үхсэн хүн шиг би санаанаас гаран мартагдсан.
Би хагарсан сав шиг юм.
13 Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон.
Тал бүрд аймшиг бөлгөө.
Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдаа
Миний амийг авахаар хуйвалджээ.

14 Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг,
"Та бол миний Бурхан" гэж би хэлдэг.
15 Миний цаг хугацаа Таны гарт байна.
Намайг дайснуудын минь гараас болон
Намайг хавчигчдаас авраач.
16 Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч.
Хайр энэрлээрээ намайг авраач.
17 Би Таныг дууддаг учраас, ЭЗЭН, намайг ичгүүр бүү болгооч.
Хорон муу хүмүүсийг ичгүүр болгон,
Тэднийг Үхэгсдийн оронд дуугүй байлгаач.
18 Бардамнал, жигшилтэйгээр зөв шударгын эсрэг өршөөлгүй ярьдаг
Худалч амыг дуугүй болгооч.

19 Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан,
Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан тань
Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!
20 Та тэднийг Өөрийн оршихуйн нууц газарт хүний заль мэхнээс нуудаг.
Та тэднийг майханд хэл амны гүтгэлгүүдээс нууцалж хамгаалдаг.
21 ЭЗЭН магтагдах болтугай.
Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод Өөрийн хайр энэрлийг надад гайхамшигтайгаар үзүүлсэн.
22 Би сандран байхдаа
"Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ" гэв.
Гэсэн ч би Тан уруу хашхирахад
Та миний гуйлтын дууг сонссон билээ.

23 Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа.
ЭЗЭН итгэлтэй хүнийг хамгаалж,
Бардамнан үйлдэгчдэд хариуг нь бүрэн төлдөг.
24 ЭЗЭНд найдагч бүгд ээ,
Хүчтэй байн, зүрхээ зоригтой байлга.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]