Дуулал [118]

1 ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр сайн,
Учир нь Түүний хайр энэрэл мөнхийн юм.
2 Израильчуудаар хэлүүл,
"Түүний хайр энэрэл мөнхийн юм".
3 Аароны гэрээр хэлүүл,
"Түүний хайр энэрэл мөнхийн юм".
4 ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл,
"Түүний хайр энэрэл мөнхийн юм".

5 Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.
ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.
6 ЭЗЭН миний талд, би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
7 ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна.
Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.
8 Хүнд итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.
9 Ноёдод итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

10 Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
11 Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.
12 Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн.
Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ.
ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.
13 Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн,
Гэвч ЭЗЭН надад тусалсан юм.
14 ЭЗЭН бол миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болсон юм.

15 Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
16 ЭЗЭНий баруун мутар өндөрт өргөгдсөн.
ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.
17 Би үхэхгүй, харин амьдарч,
ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
18 ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн,
Гэвч намайг үхэлд хүргээгүй.

19 Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч.
Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.
20 Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм.
Зөв шударга хүн түүгээр орох болно.
21 Та надад хариулсан бөгөөд
Та миний аврал болсон учраас
Би Танд талархал өргөнө.

22 Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов.
23 Энэ бол ЭЗЭНээс бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай юм.
24 Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм.
Үүнд хөгжилдөн баярлацгаая.
25 Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач.
Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!
26 ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ.
Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.
27 ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн.
Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.
28 Та бол миний Бурхан, би Танд талархал өргөе.
Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.
29 ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр бол сайн,
Түүний хайр энэрэл мөнхийнх юм.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]