Дуулал [89]

1 Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна.
Бүх үеийнхэнд би Таны итгэлтэй байдлыг амаараа мэдүүлнэ.
2 Учир нь би "Хайр энэрэл мөнхөд байгуулагдана.
Та Өөрийн итгэлтэй байдлыг тэнгэрүүд дээр тогтооно" гэв.
3 "Би Өөрийн сонгосон нэгэнтэй гэрээ байгуулсан.
Би Өөрийн зарц Давидад тангарагласан,
4 Би чиний үрийг мөнхөд тогтоож,
Чиний хаан ширээг бүх үеийнхэнд байгуулна".
5 Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана.
Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.
6 Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ?
Чадалтнуудын хөвгүүдийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?
7 Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан,
Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.
8 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН?
Таны итгэлтэй байдал ч Таныг тойрон байдаг.
9 Та далайн догшролтыг захирдаг.
Давалгаанууд нь босоход Та номхруулдаг.
10 Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан.
Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.

11 Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных.
Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.
12 Өмнөд ба умардыг Та бүтээсэн.
Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.
13 Та хүчит мутартай.
Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.
14 Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийн суурь юм.
Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.
15 Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ!
Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.
16 Таны нэрд тэд өдөржин баярлаж,
Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.
17 Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөд
Таны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.
18 Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөд
Израилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.

19 Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж,
"Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн.
Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.
20 Би Өөрийн зарц Давидыг олсон.
Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.
21 Миний гар түүнтэй хамт байж,
Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.
22 Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,
Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.
23 Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,
Түүнийг үзэн ядагчийг бут цохино.
24 Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөд
Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.
25 Би бас түүний гарыг далай дээр,
Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.
26 Тэр Над уруу "Та бол миний Эцэг,
Миний Бурхан болон миний авралын хад" гэж хашхирна.
27 Би мөн түүнийг ууган хүү,
Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.
28 Би Өөрийн хайр энэрлээ түүний төлөө мөнхөд хадгалж,
Өөрийн гэрээг ч түүнд батжуулна.
29 Ингээд Би түүний үр удмыг мөнхөд тогтоож,
Түүний сэнтийг тэнгэрийн өдрүүд мэт болгоно.

30 Хэрэв түүний хөвгүүд Миний хуулийг мартаж,
Миний шүүлтийн дагуу явахгүй бол,
31 Хэрэв тэд Миний тогтоолуудыг зөрчиж,
Миний тушаалуудыг биелүүлэхгүй бол,
32 Би тэдний алдаа зөрчлийг таягаараа,
Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.
33 Харин Би Өөрийн хайр энэрлийг түүнээс таслахгүй,
Итгэлгүйгээр ч үйлдэхгүй.
34 Өөрийн гэрээг би зөрчихгүй,
Амнаас гарсан авиагаа өөрчлөхгүй.
35 Би Өөрийн ариун байдлаар нэгэнтээ тангарагласан бөгөөд
Би Давидад худал хэлэхгүй.
36 Түүний үр удам нь мөнхөд амьдарч,
Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.
37 Тэр нь сар шиг мөнхөд байхаар тогтоогдох бөгөөд
Тэнгэрийн гэрч итгэмжит юм" гэв.
38 Харин Та хаян, татгалзаж,
Өөрийн тослогдогчийн эсрэг хилэнгээр дүүрэн байв.
39 Та Өөрийн зарцын гэрээг хайхраагүй.
Та түүний титмийг шороонд бузарласан.
40 Та түүний бүх ханыг эвдсэн.
Та түүний бат цайзуудыг сүйрүүлсэн.
41 Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон.
Тэр өөрийн хөршүүдэд буруутгагдсан.
42 Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн.
Та бүх дайснуудыг нь баярлуулсан.
43 Та бас илднийх нь ирийг мохоож,
Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.
44 Та түүний сүр жавхланг дуусган,
Түүний сэнтийг газарт хөмрөв.
45 Та түүний залуу насны өдрүүдийг богиносгосон.
Та түүнийг ичгүүрээр нөмрүүлсэн.
46 Өө, ЭЗЭН, хэдий болтол вэ?
Та Өөрийгөө мөнхөд нуух уу?
Таны уур хилэн гал мэт шатах уу?
47 Миний амьдралын хугацааг санаач.
Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!
48 Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ?
Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу?
49 Өө, Эзэн, итгэлтэй байдал дотроо Таны Давидад тангарагласан
Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ?
50 Өө, Эзэн, Өөрийн зарц нарын доромжлолыг санаач.
Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач.
51 Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон,
Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.

52 ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай!
Амен, Амен.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]