Дуулал [33]

1 Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун.
Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой.
2 Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.
Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун.
3 Түүнд шинэ дууг дуул.
Баярт дуугаар уран чадварлаг тогло.
4 Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөд
Түүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм.
5 Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг.
Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн.

6 ЭЗЭНий үгээр тэнгэрүүд,
Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.
7 Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг.
Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.
8 Бүх дэлхий ЭЗЭНээс эмээгтүн.
Ертөнцийн бүх оршин суугчид Түүнийг хүндэтгэгтүн.
9 Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн.
Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.
10 ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг.
Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.
11 ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,
Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.
12 Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу
Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!

13 ЭЗЭН тэнгэрээс хардаг.
Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг хардаг.
14 Өөрийн оршин байгаа газраас Тэрээр
Дэлхийн бүх оршин суугчид уруу хардаг.
15 Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөд
Тэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.
16 Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй.
Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.
17 Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөд
Өөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.

18 Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг,
Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь
19 Тэдний сэтгэлийг үхлээс аварч,
Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.
20 Бидний сэтгэл ЭЗЭНийг хүсэн хүлээдэг.
Тэр бол бидний тусламж болон бидний бамбай юм.
21 Бид Түүний ариун нэрд итгэдэг учраас
Бидний зүрх Түүнд баярладаг.
22 ЭЗЭН, бидний Танд найдсаны дагуу
Таны хайр энэрэл бидний дээр байх болтугай.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]