1 Явдал үйл нь гэм зэмгүй,
ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
2 Түүний гэрчлэлүүдийг сахин,
Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
3 Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.
Тэд Түүний замаар явдаг.
4 Биднээр хичээнгүйлэн сахиулахаар
Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.
5 Таны зарлигуудыг сахихаар
Замууд минь бат тогтоосой!
6 Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт
Би ичихгүй.
7 Таны зөв шударга шүүхээс сурахдаа
Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно.
8 Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.
Намайг бүрмөсөн бүү орхиоч!
9 Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийн дагуу сахиснаар...
10 Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.
Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!
11 Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.
12 Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
13 Таны амнаас гарсан бүх тогтоолыг
Би уруулаараа тунхагласан юм.
14 Би бүх баялагт баясдагтай адил
Таны гэрчлэлүүдийн замд баяссан юм.
15 Би Таны тушаалуудыг бясалгаж,
Таны замуудыг эргэцүүлэх болно.
16 Би Таны зарлигуудад баярлана.
Би Таны үгийг мартахгүй.
17 Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд
Өөрийн зарцдаа өгөөмөр хандаач.
18 Таны хуулийн гайхамшигт зүйлсийг
Надад харуулахаар нүдийг минь нээгээч.
19 Би газар дэлхийд гаднын хүн билээ.
Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.
20 Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр
Сэтгэл минь шаналж байна.
21 Таны тушаалаас салан тэнүүчилдэг
Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.
22 Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.
Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.
23 Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн
Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.
24 Таны гэрчлэлүүд мөн миний баясал,
Миний зөвлөгчид юм.
25 Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
26 Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.
27 Өөрийн зарлигуудыг надад заагаач.
Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.
Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28 Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.
Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.
29 Худал хуурмаг замыг надаас зайлуулж,
Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.
30 Би итгэлтэй замыг сонгосон юм.
Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.
31 Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.
ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32 Та зүрхийг минь уужруулах учир
Би Таны тушаалуудын замаар гүйх болно.
33 Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.
Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.
34 Би Таны хуулийг мөрдөж,
Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.
35 Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,
Учир нь би түүнд баярладаг билээ.
36 Зүрхийг минь олз уруу бус,
Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.
37 Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,
Өөрийн замд намайг сэргээгээч.
38 Танаас эмээх айдсыг төрүүлдэг
Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.
39 Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.
Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.
40 Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.
Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.
41 Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,
Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.
Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43 Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.
Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44 Ингэвэл би Таны хуулийг үргэлж,
Мөнхийн мөнхөд сахина.
45 Би Таны тушаалуудыг хайдаг учраас
Чөлөөтэй алхах болно.
46 Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөд
Ичихгүй байх болно.
47 Би өөрийн хайрладаг
Таны тушаалуудад баясах болно.
48 Би өөрийн хайрладаг
Таны тушаалууд уруу гараа өргөх болно.
Би Таны зарлигуудыг бясалгана.
49 Таны надад найдварыг өгсөн,
Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.
50 Таны үг намайг сэргээсэн нь
Миний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.
51 Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,
Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52 Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөд
Өөрийгөө тайтгаруулдаг.
53 Таны хуулийг огоорсон
Хорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.
54 Миний аян замын өргөөнд
Таны зарлигууд бол миний дуу юм.
55 Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,
Таны хуулийг сахидаг.
56 Би Таны тушаалуудыг биелүүлдэг нь
Минийх болсон юм.
57 ЭЗЭН бол миний хувь юм.
Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58 Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.
Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59 Би замуудаа тунгаан бодож,
Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60 Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр
Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.
61 Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн,
Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.
62 Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би Танд талархахаар шөнө дунд босох болно.
63 Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээд
Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.
64 Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
65 Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагуу
Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66 Би Таны тушаалуудад итгэдэг учраас
Надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.
67 Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ.
Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68 Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
69 Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.
Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.
70 Тэдний зүрх сэтгэл хатуурсан,
Харин би Таны хуульд баясдаг.
71 Миний зовон шаналсан нь,
Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
72 Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73 Таны мутар намайг урлан бүтээсэн юм.
Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
74 Би Таны үгийг хүлээдэг учраас
Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75 Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд
Та итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
76 Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу
Таны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.
77 Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.
Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.
78 Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.
Харин би Таны тушаалуудыг бясалгана.
79 Танаас эмээдэг,
Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.
80 Би ичгүүрт орохгүйн тулд
Зүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.
81 Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.
Би Таны үгийг хүлээдэг.
82 Намайг "Та намайг хэзээ тайтгаруулах вэ?" гэж хэлэхэд
Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83 Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн
Би Таны зарлигуудыг мартдаггүй.
84 Таны зарцын өдрүүд хэд вэ?
Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85 Таны хуулийг үл дагагчид болох
Бардам хүмүүс надад нүх ухжээ.
86 Таны бүх тушаалууд итгэлтэй юм.
Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
87 Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,
Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.
88 Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулд
Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
89 Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэрт
Мөнхөд бат тогтдог.
90 Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.
Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.
91 Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.
Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.
92 Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол
Тэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.
93 Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.
Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.
94 Би Таных билээ, намайг авраач.
Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.
95 Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.
Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.
96 Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч
Таны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.
97 Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!
Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98 Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.
Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99 Таны гэрчлэлүүд миний бясалгал учир
Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.
100 Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас
Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.
101 Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд
Бүх бузар замаас хөлөө татсан юм.
102 Та Өөрөө надад заасан учир
Би Таны тогтоолуудаас гажаагүй.
103 Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!
Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104 Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.
Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105 Таны үг бол миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл юм.
106 Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж
Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107 Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.
Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
108 Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,
Өөрийн тогтоолуудыг надад заагаач.
109 Амь насанд минь аюул нүүрлэсээр байна
Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.
110 Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан,
Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.
111 Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан.
Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.
112 Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ
Мөнхөд, эцэс хүртэл зориулсан.
113 Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг,
Харин Таны хуульд би хайртай.
114 Та бол миний хоргодох газар ба миний бамбай.
Би Таны үгийг хүлээдэг.
115 Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд
Бузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.
116 Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.
Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.
117 Би аюулгүй байж,
Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.
118 Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.
Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.
119 Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.
Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.
120 Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд
Би Таны шүүлтүүдээс айдаг юм.
121 Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.
Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.
122 Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.
Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123 Миний нүд Таны авралын төлөө хийгээд
Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124 Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
125 Би Таны зарц билээ.
Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.
126 Тэд Таны хуулийг зөрчсөн тул
ЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.
127 Тиймээс би Таны тушаалуудад
Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
128 Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд
Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
129 Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай.
Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130 Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.
Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131 Би Таны тушаалуудад тэмүүлсэн учир
Амаа том ангайн аахилсан.
132 Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээ
Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
133 Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,
Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.
134 Би Таны тушаалуудыг сахихын тулд
Хүний дарлалаас намайг золиоч.
135 Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
136 Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир
Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.
137 Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөд
Таны шүүлтүүд шулуун шударга юм.
138 Та зөв шударга ба
Хэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139 Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас
Миний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.
140 Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.
Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141 Би дорд ба үзэн ядагдсан,
Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.
142 Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөд
Таны хууль бол үнэн юм.
143 Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,
Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.
144 Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.
Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.
145 Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!
Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.
146 Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.
Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.
147 Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.
Би Таны үгсийг хүлээдэг.
148 Таны үгийг тунгаан бодохын тулд
Би шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.
149 Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.
Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
150 Хорон мууг дагагчид ойртон ирж байна.
Тэд Таны хуулиас хол билээ.
151 Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд
Таны бүх тушаалууд ч үнэн билээ.
152 Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээс
Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.
153 Миний зовлонг харж, намайг авраач.
Учир нь би Таны хуулийг мартдаггүй.
154 Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
155 Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг.
Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.
156 Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.
Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
157 Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловч
Би Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.
158 Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг.
Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.
159 Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач.
Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
160 Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд
Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
161 Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,
Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162 Их олз олсон хүн шиг
Би Таны үгэнд баясдаг.
163 Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,
Харин Таны хуулийг би хайрладаг.
164 Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165 Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд
Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166 Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд
Таны тушаалуудыг биелүүлдэг.
167 Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөд
Би тэдэнд хэмжээлшгүй их хайртай.
168 Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,
Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.
169 Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.
Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.
170 Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч.
Өөрийн үгийн дагуу намайг авраач.
171 Та надад зарлигуудаа заадаг учраас
Уруул минь магтаалыг гаргаг.
172 Таны бүх тушаалууд зөв шударга учраас
Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
173 Би Таны тушаалуудыг сонгосон учир
Таны мутар надад туслахад бэлэн болог.
174 Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөд
Таны хууль бол миний баясал юм.
175 Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач.
Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.
176 Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч.
Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]