Дуулал [72]

1 Бурхан, Өөрийн шүүлтийг хаанд,
Өөрийн зөв шударгыг хааны хүүд өгөөч.
2 Тэр Таны хүмүүсийг зөв шударгаар,
Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүх болтугай.
3 Уулс ба толгод ч зөв шударгаар
Хүмүүст амар тайвныг авчраг.
4 Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн,
Гачигдагсдын хүүхдүүдийг аварч
Дарлагчийг сөнөөх болтугай.

5 Тэд нарыг болон сарыг байхад, үеийн үед Танаас эмээг.
6 Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,
Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.
7 Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг.
Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг.

8 Тэрээр далайгаас далай хүртэл,
Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.
9 Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж,
Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.
10 Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг.
Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.
11 Бүх хаад түүний өмнө сөгдөж,
Бүх үндэстнүүд түүнд зарагдах болтугай.

12 Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь,
Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна.
13 Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд
Гачигдагсдын амийг аврах болно.
14 Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд
Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.
15 Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай.
Тэд түүний төлөө үргэлж залбирах болтугай.
Тэд түүнийг өдөржин ерөөх болтугай.

16 Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай.
Түүний үр жимс Ливаны хуш шиг найгана.
Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай.
17 Түүний нэр мөнхөд байх болтугай.
Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай.
Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч.
Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.

18 Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг
Израилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай.
19 Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай.
Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй.
Амен, Амен.

20 Иессийн хүү Давидын залбирал төгсөв.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]