Дуулал [34]

1 Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.
Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно.
2 Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана.
Даруу хүн үүнийг сонсон баярлана.
3 Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,
Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.

4 Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж,
Бүх айдсаас минь намайг аварсан.
5 Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөд
Тэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.
6 Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож,
Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.
7 ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж,
Тэднийг авардаг.

8 ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз.
Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!
9 Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн.
Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.
10 Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг.
Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.
11 Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс.
Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.
12 Амийг хүсэмжилдэг бөгөөд
Сайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ?
13 Өөрийн хэлийг хорон муугаас,
Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.
14 Бузар муугаас салж, сайныг үйлд.
Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.

15 ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд
Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.
16 ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь
Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.
17 Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож,
Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.
18 ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд
Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.

19 Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг,
Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.
20 Тэр түүний бүх ясыг хамгаалдаг,
Тэднээс нэг нь ч хугараагүй юм.
21 Бузар муу байдал хорон муу хүнийг ална.
Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана.
22 ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөд
Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]