1 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Миний Бурхан ЭЗЭН Та бол агуу их юм.
Та цог жавхлан, сүр хүчээр хувцасласан.
2 Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж,
Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
3 Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг.
Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг.
Тэрээр салхины жигүүрээр явдаг.
4 Тэрээр салхийг Өөрийн элч,
Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.
5 Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд
Тэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан.
6 Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн.
Их ус уулсын дээр байлаа.
7 Таны зэмлэлээс тэд зугтаж,
Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.
8 Уулс өргөгдсөн. Хөндий талууд
Таны тэдэнд оноож тогтоосон газар уруу доош суусан.
9 Тэднийг газрыг бүрхэхээр буцаж ирүүлэхгүйн тулд,
Тэднийг халиулахгүйн тулд Та их усны хязгаарыг тогтоосон юм.
10 Тэрээр хөндийд булаг оргилуулдаг.
Тэдгээр нь уулсын дундуур урсдаг.
11 Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж,
Хулангуудын цангааг ч тайлдаг.
12 Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж,
Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг.
13 Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.
Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.
14 Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,
Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.
Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон
15 Хүний зүрхийг баясгадаг дарсыг,
Нүүрийг өнгөлдөг тосыг болон
Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.
16 ЭЗЭНий модод,
Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.
17 Тэнд шувууд болон
Нарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.
18 Өндөр уулс янгирт зориулагдсан.
Хадан цохио доргоны хоргодох газар болдог.
19 Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн.
Нар ч шингэх газраа мэддэг.
20 Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог.
Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
21 Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,
Бурханаас хүнсээ гуйдаг.
22 Нар мандахад тэд буцаж,
Агуйнууддаа очин хэвтдэг.
23 Хүн ч ажиллахаар,
Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.
24 Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ!
Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн.
Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.
25 Агуу, өргөн далай байдаг бөгөөд
Тэнд тоо томшгүй олон мөлхөгчид буюу
Том, жижиг амьтад бий.
26 Тэнд усан онгоцнууд нааш цааш явдаг бөгөөд
Тэнд тоглож байхаар Таны бүтээсэн Левиатан ч бий.
27 Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг тань
Тэд бүгд хүлээж байдаг.
28 Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг.
29 Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж,
Хөрс шороондоо буцдаг.
30 Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.
Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
31 ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.
ЭЗЭН Өөрийн үйлсэд баярлах болтугай.
32 Түүнийг газар дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.
Түүнийг уулсад хүрэхэд тэдгээр нь утаа гаргадаг.
33 Би амьдрах хугацаандаа ЭЗЭНд дуу дуулна.
Би амьд байхдаа Бурханаа магтан дуулна.
34 Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай.
Би ЭЗЭНий дотор баярлах болно.
35 Нүгэлтнүүд газар дэлхийгээс зайлуулагдаж,
Хорон муу хүмүүс байхгүй болог.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНийг магтагтун.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]