Дуулал [44]

1 Бурхан, эртний өдрүүд болох
Бидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыг
Тэд бидэнд ярьсан бөгөөд
Бид чихээрээ сонссон билээ.
2 Та Өөрийнхөө гараар улс үндэстнүүдийг зайлуулсан.
Тэгээд Та эцэг өвгөдийг маань суурьшуулсан.
Та хүмүүст гай тарьж,
Тэднийг тараасан.
3 Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй,
Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй,
Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэн
Учир нь Та тэднийг ивээсэн.

4 Бурхан, Та бол миний Хаан.
Иаковд ялалтыг тушаагаач.
5 Танаар бид өөрсдийн өстнүүдийг эргүүлэн шахна.
Таны нэрээр бидний эсрэг босогчдыг бид гишгэчнэ.
6 Би өөрийн нуманд найдахгүй,
Миний илд ч намайг аврахгүй.
7 Харин Та биднийг өстнүүдээс минь аварч,
Биднийг үзэн ядагчдыг Та ичгүүрт унагасан.
8 Бид өдөржин Бурханаар бахархсан бөгөөд
Бид Таны нэрд мөнхөд талархана.
9 Гэсэн ч Та орхиж, биднийг ичгүүр болгон,
Бидний цэргүүдтэй хамт давшдаггүй.
10 Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан.
Биднийг үзэн ядагчид өөрсдөдөө олз авсан.
11 Та биднийг идэшний хонь шиг өгч,
Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.
12 Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөд
Тэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй.
13 Та биднийг хөршүүдэд маань ичгүүр,
Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.
14 Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл,
Хүмүүсийн дунд шившиг болгосон.
15 Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөд
Миний доромжлол намайг дүүргэжээ.
16 Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас,
Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.

17 Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөд
Бид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй.
18 Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөд
Бидний алхмууд Таны замаас хазайгаагүй.
19 Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж,
Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.

20 Хэрэв бид өөрсдийн Бурханы нэрийг мартсан,
Эсвэл гараа харийн бурхан уруу сунгасан бол
21 Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү?
Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
22 Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг.
Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.
23 Эзэн, босооч. Юунд Та унтана вэ?
Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.
24 Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?
25 Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав.
Бидний бие газарт наалддаг.
26 Босооч, бидэнд тусалж,
Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.



[Өмнөх]                [Дараах]


Дуулал [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66][67][68][69][70][71][72][73][74][75][76][77][78][79][80][81][82][83][84][85][86][87][88][89][90][91][92][93][94][95][96][97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108][109][110][111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125][126][127][128][129][130][131][132][133][134][135][136][137][138][139][140][141][142][143][144][145][146][147][148][149][150]